Google Play-н Үйлчилгээний нөхцөл
2024 оны долдугаар сарын 1 (Архивласан хувилбарыг харах)
Бид Play-н Үйлчилгээний нөхцөлөө 2024 оны 7-р сарын 1-нд шинэчилж байна. Тэр болтол доорх Нөхцөл хэрэгжинэ. Удахгүй гарах Нөхцөлийг урьдчилан үзнэ үү.
1. Танилцуулга
Хэрэгжих нөхцөл.Google Play-г ашиглаж байгаад баярлалаа. Google Play нь 1600 Amphitheatre Parkway, Mountain View California 94043, USA хаягт байршилтай Google ХХК-н ("Google", "бид" эсвэл "бидэнд" гэх) үзүүлдэг үйлчилгээ юм. Таны Google Play-н болон апп (Андройд Шуурхай апп зэрэг), системийн үйлчилгээ, тоглоом, кино, ном, сэтгүүл эсвэл бусад дижитал агуулга, үйлчилгээний ("Агуулга" гэх) ашиглалт нь Google Play-н эдгээр Үйлчилгээний нөхцөл ("Play-н Үйлчилгээний нөхцөл") болон Google-н Үйлчилгээний нөхцөлийн ("Google-н Үйлчилгээний нөхцөл") ( хамтад нь "Нөхцөл" гэх) дагуу байна. Google Play нь Google-н Үйлчилгээний нөхцөлд тодорхойлсон "үйлчилгээ" юм. Play-н Үйлчилгээний нөхцөл болон Google-н Үйлчилгээний нөхцөл хоорондоо зөрчилдсөн тохиолдолд Play-н Үйлчилгээний нөхцөлийг баримтална.
2. Таны Google Play-н ашиглалт
Агуулгын хандалт болон ашиглалт. Та Агуулгыг мобайл төхөөрөмж, компьютер, ТВ, цаг эсвэл бусад дэмждэг төхөөрөмжөөр ("Төхөөрөмж") хайх, олох, харах, цацах эсвэл татахын тулд Google Play-г ашиглаж болно. Та Google Play-г ашиглахын тулд холбогдох Агуулгын систем болон тохиргооны шаардлагыг хангах төхөөрөмж, ажиллагаа бүхий интернет хандалт болон тохирох програм хангамжтай байх шаардлагатай. Агуулга, онцлогийн боломжтой байдал нь улс бүрд харилцан адилгүй байх бөгөөд зарим агуулга эсвэл онцлог танай улсад боломжгүй байж болзошгүй. Зарим Агуулгыг гэр бүлийн гишүүдтэйгээ хуваалцах боломжтой. Агуулгыг Google-с санал болгож эсвэл Google-тэй хамааралгүй гуравдагч талаас оруулж болно. Google нь Google-с бусад эх сурвалжаас Google Play-д оруулсан аливаа Агуулгыг баталгаажуулахгүй бөгөөд хариуцахгүй болно.
Насны хязгаарлалт. Та Google Play-г ашиглахын тулд хүчинтэй Google бүртгэлтэй ("Google Бүртгэл") байх шаардлагатай бөгөөд дараах насны хязгаарлалтыг мөрдөнө. Хэрэв танай улсад таныг насанд хүрээгүйд тооцдог бол та Google Play-г ашиглах, Нөхцөлийг зөвшөөрөхийн тулд эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагчаасаа зөвшөөрөл авах шаардлагатай. Та Google Play-н тодорхой Агуулга эсвэл онцлогийн ашиглалтад хэрэгжих насны нэмэлт хязгаарлалтыг зайлшгүй мөрдөх ёстой. Гэр бүлийн менежер болон гэр бүлийн гишүүд эдгээр нэмэлт шаардлагыг мөн адил хангах ёстой.
Гуравдагч талын төлбөр. Та Aгуулга болон Google Play-г ашиглах, харахтай холбоотойгоор гуравдагч талаас гарсан аливаа хандалт болон өгөгдлийн төлбөрийг (таны интернет үйлчилгээ үзүүлэгч эсвэл мобайл оператор компани зэрэг) хариуцна.
Шинэчлэлт. Алдааг засах, функцийг сайжруулах, залгаас програм байхгүй тохиолдолд болон шинэ хувилбар гарсан (хамтад нь "Шинэчлэлт" гэх) үед Google Play, холбоотой дэмжлэгийн сан эсвэл Агуулгыг шинэчлэх шаардлагатай. Та Google Play-г ашиглах эсвэл агуулгад хандах, татах, ашиглахад эдгээр шинэчлэлтийг хийх шаардлагатай. Та эдгээр Нөхцөлийг зөвшөөрч Google Play-г ашигласнаар эдгээр Шинэчлэлтийг автоматаар авахыг зөвшөөрөх болно. Та тодорхой Агуулгын шинэчлэлтийг Google Play-н Тохиргоо хэсэгт удирдаж болно. Нөхцөлийг зөвшөөрсөн тохиолдолд тухайн Шинэчлэлт нь Агуулгатай холбоотой аюулгүй байдлын ноцтой асуудал эсвэл ажиллагааны ноцтой асуудлыг засах буюу эсвэл зүй бус хэрэглээнээс урьдчилан сэргийлэх бөгөөд тухайн Шинэчлэлтийг Google Play эсвэл таны төхөөрөмжийн Шинэчлэлтийн тохиргоог үл харгалзан хийнэ. Хэрэв өөр апп дэлгүүр Google Play-с анх татсан Агуулгыг шинэчлэхээр оролдсон тохиолдолд танд анхааруулга илгээж эсвэл ийм төрлийн шинэчлэлтээс бүрмөсөн сэргийлэх болно.
Таны тухай мэдээлэл. Google Play-г ашиглах үед бид таны хувийн өгөгдлийг хэрхэн ашиглах болон нууцлалыг хамгаалах талаар Google-н Нууцлалын бодлогоос харж болно. Google таны гүйлгээг боловсруулах эсвэл танд Агуулга харуулахын тулд таны нэр, имэйл хаяг зэрэг хувийн мэдээллийг үйлчилгээ үзүүлэгчид өгч болно. Үйлчилгээ үзүүлэгч эдгээр мэдээллийг нууцлалын бодлогынхоо дагуу ашиглана гэдгээ зөвшөөрнө.
Хэрэв та Google Play-н гэр бүлийн бүлгийн гишүүн бол тухайн гэр бүлийн бүлэгт байгаа танай гэр бүлийн гишүүд таны зарим мэдээллийг харах боломжтой. Хэрэв та Google Play-н гэр бүлийн бүлгийн менежер бол таны гэр бүлийн бүлэгт элсэхийг урьсан гэр бүлийн гишүүд таны нэр, зураг, имэйл хаягийг харна. Та гэр бүлийн бүлэгт гэр бүлийн гишүүнээр элссэн тохиолдолд гэр бүлийн бусад гишүүд таны нэр, зураг, имэйл хаягийг харна. Танай гэр бүлийн менежер таны нас болон авсан Агуулгын тайлбар зэрэг гэр бүлийн төлбөрийн сонгосон төрлөөр хийсэн худалдан авалтын бүх бүртгэлийг харж болно. Та гэр бүлд хуваалцах боломжтой Агуулгыг гэр бүлийн бүлэгт хуваалцсанаар тухайн Агуулгад гэр бүлийн бүх гишүүд хандахаас гадна үүнийг худалдан авсныг тань харах боломжтой.
Бүртгэлийн зөвшөөрөлгүй хандалт. Та бүртгэлийнхээ дэлгэрэнгүй мэдээллийг аюулгүй байлгах ёстой бөгөөд хэн нэгэнтэй хуваалцаж болохгүй. Та Google Play-н аливаа хэрэглэгч эсвэл Google-н аливаа үйлчилгээний хэрэглэгчийн хувийн мэдээллийг (бүртгэлийн нэрийг оруулаад) Google Play-р дамжуулан цуглуулах буюу эсхүл хурааж болохгүй.
Идэвхгүй болгосон бүртгэл. Хэрэв Google Нөхцөлийн (жишээлбэл та Нөхцөлийг зөрчсөн тохиолдолд) дагуу таны бүртгэлийн хандалтыг идэвхгүй болгосон бол та Google Play, таны бүртгэлд хадгалсан бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээлэл, аливаа файл эсвэл бусад Агуулгад хандах боломжгүй болно. Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Тусламжийн төвд зочилно уу. Хэрэв та Google Play-н гэр бүл дэх гэр бүлийн менежер бөгөөд Google таны бүртгэлийн хандалтыг идэвхгүй болгосон тохиолдолд таны гэр бүлийн гишүүд гэр бүлийн бүлэг шаардлагатай гэр бүлийн төлбөрийн төрөл, гэр бүлийн захиалга зэрэг гэр бүлийн онцлог эсвэл гэр бүлийн гишүүний хуваалцсан Агуулгад хандах эрхээ алдана. Хэрэв та Google Play-н гэр бүл дэх гэр бүлийн гишүүн бөгөөд Google таны бүртгэлийг идэвхгүй болгосон тохиолдолд танай гэр бүлийн гишүүд таны хуваалцсан Агуулгад хандах боломжгүй болно.
Хортой кодын хамгаалалт. Google таныг гуравдагч талын хортой програм хангамж, URL болон бусад аюулгүй байдалд нөлөөлөх асуудлаас хамгаалахын тулд таны төхөөрөмжийн сүлжээний холболт, хортой байж болзошгүй URL, үйлдлийн систем болон Google Play эсвэл бусад эх сурвалжаас таны төхөөрөмжид суулгасан аппын талаарх мэдээллийг авч болно. Апп эсвэл URL-г аюултай гэж тооцсон тохиолдолд Google-с танд сануулж болно. Эсвэл эдгээр нь төхөөрөмж, өгөгдөл эсвэл хэрэглэгчид хортой болох нь илэрсэн тохиолдолд Google үүний суулгацыг таны төхөөрөмжөөс устгах буюу блоклож болно. Та төхөөрөмжийнхөө тохиргоо хэсэгт эдгээр хамгаалалтын заримыг нь идэвхгүй болгох боломжтой хэдий ч Google Play-с суулгасан аппын мэдээллийг Google авсаар байх бөгөөд аюулгүй байдлын үүднээс бусад эх сурвалжаас таны төхөөрөмжид суулгасан аппын мэдээллийг Google-д илгээлгүйгээр үргэлжлүүлэн шинжилж болно.
Андройд Шуурхай апп. Та төхөөрөмжийнхөө холбоосыг дарах үед Google Play хандах боломжтой шуурхай апп байгаа эсэхийг шалгах бөгөөд хэрэв олдсон тохиолдолд холбоосыг шуурхай аппад нээнэ үү. Таны ханддаг шуурхай аппын хэсгийг ажиллуулахад шаардагдах кодыг таны төхөөрөмжид татах бөгөөд түр хугацаанд хадгална. Шуурхай аппын дэлгэрэнгүй мэдээллийг Google Play Дэлгүүрээс харах боломжтой. Андройд Шуурхай аппын өгөгдөл, тохиргоог таны Google бүртгэлээр нэвтэрсэн төхөөрөмжид синк хийнэ. Та төхөөрөмжийнхөө тохиргоо хэсэгт Андройд Шуурхай аппыг идэвхгүй болгож болно.
Эдгээр Нөхцөлийн өөрчлөлт. Play-н Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдсөн тохиолдолд танд хамгийн багадаа 30 хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд шинэ Play-н Үйлчилгээний нөхцөл тухайн мэдэгдлийн хугацаа дуусгавар болсны дараагаар хэрэгжих болно. Та тус мэдэгдлийн хугацаанд Google Play-г үргэлжлүүлэн ашигласнаар таныг шинэ Play-н Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн гэж үзнэ. Шинэ Play-н Үйлчилгээний нөхцөл таны бүх агуулгын ашиглалт (өмнө нь таны суулгасан эсвэл худалдаж авсан агуулгыг оруулаад) болон цаашид хийх бүх суулгалт эсвэл худалдан авалтад хэрэгжинэ. Хэрэв та эдгээр өөрчлөлтийг зөвшөөрөхгүй бол өмнө нь худалдан авч, суулгаж байсан Aгуулгаа татаж эсвэл Google Play-н ашиглалтаа цуцалж болно. Та тус Агуулгын хуулбарыг төхөөрөмждөө хамгийн сүүлд зөвшөөрсөн Play-н Үйлчилгээний нөхцөлийн хувилбарын дагуу үргэлжлүүлэн харах боломжтой.
3. Худалдан авалт, төлбөр
Үнэгүй Агуулга. Google таныг Google Play-с Агуулгыг үнэгүй татах, харах эсвэл ашиглахыг зөвшөөрч болно. Зарим үнэгүй Агуулгын хандалт, хэрэглээнд нэмэлт хязгаарлалт хэрэгжиж болзошгүй.
Агуулгын худалдан авалт. Та Агуулга авах эсвэл Google Play-г ашиглах үед эдгээр Нөхцөлийн (хэрэгжиж буй) дагуу дараах талуудын аль нэг нь болох борлуулагчтай борлуулалтын салангид гэрээ байгуулах бөгөөд эдгээр нь:
(a) Google Digital Inc.; эсвэл
(б) Агуулгын үйлчилгээ үзүүлэгчийн ("Үйлчилгээ үзүүлэгч") аль нэг нь байна. Үүний дотор Google Digital Inc. нь Үйлчилгээ үзүүлэгчийн агентын үүргийг гүйцэтгэж буй үед мөн багтана.
Борлуулалтын салангид гэрээ нь эдгээр Нөхцөлийн нэмэлт болно.
Google нь Үйлчилгээ үзүүлэгчийн агентын үүргийг гүйцэтгэж буй үеийн борлуулалтад Google-н үйлчилгээний нөхцөлд дурдсан Google-н үйлчилгээний нөхцөл "гуравдагч талын ашиг хүртэх эрхийг бүү үүсгэ" хэмээх заалт таны Google Play-н ашиглалтад хэрэгжихгүй.
Google танд Агуулгын худалдан авалтыг баталгаажуулах имэйл илгээж таныг зөвшөөрсний дараагаар таны худалдан авалт, Агуулга ашиглалтын гэрээ хүчин төгөлдөр болох бөгөөд худалдан авалт дуусмагц тус гэрээ хэрэгжиж эхэлнэ.
Урьдчилсан захиалга. Та Агуулгадаа урьдчилсан захиалга байршуулснаар таны худалдан авалт болон тухайн зүйлийн ашиглалтын гэрээ Агуулгыг танд боломжтой болсны дараагаар хүчин төгөлдөр болох бөгөөд та худалдан авалтын төлбөрөө төлнө. Та урьдчилсан захиалгаа агуулгыг боломжтой болохоос өмнө хүссэн үедээ цуцлах боломжтой. Агуулгыг боломжтой болохоос нь өмнө Google Play-н худалдан авалтaас хассан тохиолдолд, түүнчлэн таны захиалгыг олгохоос өмнө үнэ өөрчлөгдсөн тохиолдолд та захиалгaa цуцлах эрхтэй.
Гэр бүлийн төлбөрийн төрөл. Хэрэв та Google Play-н гэр бүлийн бүлгийн гэр бүлийн менежер бол гэр бүлийн гишүүддээ Google Play-с Aгуулга худалдан авах болон апп ашиглахад нь зориулж гэр бүлийн төлбөрийн хүчинтэй төрлийг тохируулах шаардлагатай. Та гэр бүлийнхээ бүх гишүүдийн гэр бүлийн төлбөрийн төрлөөр хийсэн Агуулгын худалдан авалтыг хариуцна. Гэр бүлийн бүлгийг устгасан эсвэл гэр бүлийн гишүүн гэр бүлийн бүлгээс гарсан тохиолдолд та тухайн гэр бүлийн гишүүний гэр бүлийн төлбөрийн төрлөөр хийсэн хүлээгдэж байгаа худалдан авалтын төлбөрийг төлнө.
Google төлбөр. Та Google Play-с Aгуулга худалдаж авахын тулд Google төлбөрийн бүртгэлтэй байх шаардлагатай бөгөөд Google төлбөрийн Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх ёстой.Google төлбөрийн Нууцлалын мэдэгдэл нь таны Google төлбөрийн бүртгэлээр авч буй Агуулгын худалдан авалтад хэрэгжинэ. Та Google төлбөрийн бүртгэлээрээ Google Play-с хийсэн худалдан авалтын бүх төлбөрийг хариуцна.
Төлбөр боловсруулах бусад төрөл. Google нь танд Google Play-с Агуулга худалдаж авахад туслахын тулд Google төлбөрөөс гадна төлбөр боловсруулах олон төрлийн аргыг санал болгодог. Та Google эсвэл гуравдагч талын хариуцдаг төлбөр боловсруулах төрөлтэй холбоотой аливаа нөхцөл, болзол эсвэл бусад хууль ёсны гэрээг дагах ёстой. Google төлбөр боловсруулах төрлийг дангаар нэмэх эсвэл хасах боломжтой. Та Google Play-с хийдэг худалдан авалттай холбоотой бүх төлбөрийг дангаараа хариуцна.
Төлбөрөө гар утасны оператороор төлөх эрх. Таныг төхөөрөмжид Google Play бүртгэл үүсгэх үед таны сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлд тооцоо гардаг төхөөрөмжөөр Aгуулгын худалдан авалт хийх боломжтой эсэхийг тодорхойлохын тулд бид таны төхөөрөмжийн захиалагчийн ID, SIM картын серийн дугаар зэрэг таниулбарыг таны сүлжээний үйлчилгээ үзүүлэгчид илгээнэ. Үүнийг зөвшөөрөхийн тулд та сүлжээний үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрөх шаардлагатай. Сүлжээний үйлчилгээ үзүүлэгч бидэнд таны тооцооны хаягийн мэдээллийг илгээнэ. Бид энэ мэдээллийг Google-н Нууцлалын бодлого болон Google төлбөрийн Нууцлалын мэдэгдлийн дагуу хадгалж ашиглана.
Үнэ. Google Play-д харуулсан бүх Агуулгын үнэ болон боломжтой байдал нь худалдан авалтаас өмнө дурын үед өөрчлөгдөж болно.
Татвар."Tатвар" гэдэг нь Агуулгын борлуулалттай холбоотой аливаа төлбөр, хураамж, шимтгэл эсвэл татварыг (орлогын татвараас бусад) хэлэх бөгөөд үүнд торгууль, алданги мөн хамаарна. Та аливаа татварыг төлөх үүрэгтэй бөгөөд Агуулга авахдаа татварыг ямар нэгэн байдлаар бууруулалгүйгээр төлөх ёстой. Хэрэв Агуулгын борлуулагч эсвэл Google Татвар цуглуулах эсвэл төлөх үүрэгтэй бол тухайн Татварыг танд ногдуулна. Та холбогдох бүх татварын хуулийг дагаж мөрдөх ёстой бөгөөд үүний дотор Google Play-н ашиглалт эсвэл Google Play-с болон үүгээр хийж буй агуулгын худалдан авалттай холбоотой аливаа татварын тайлан, төлбөрийг хариуцах ёстой. Та аливаа хoлбогдох татварын тайлан болон төлбөрийг хариуцна.
Бүх борлуулалт эцсийнх байна. Та худалдан авалтаа зарцуулах, цуцлах болон буцаах байдлаар буцаан олголт авах эрхийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Google Play-н Буцаан олголтын бодлогыг харна уу. Google-н Үйлчилгээний нөхцөл, Google Play-н Буцаан олголтын бодлого эсвэл Үйлчилгээ үзүүлэгчийн буцаан олголтын удирдамжид нарийвчлан тодорхойлсноос бусад тохиолдолд бүх борлуулалтыг эцсийнх хэмээн тооцох бөгөөд буцаах, солих болон буцаан олгохыг үл зөвшөөрнө. Аливаа гүйлгээнд солих, буцаах эсвэл буцаан олгохыг зөвшөөрсөн тохиолдолд тухайн гүйлгээг буцааж болох бөгөөд ингэснээр та тухайн гүйлгээгээр авсан Агуулгад хандах боломжгүй болно.
Захиалга. Захиалгын төлбөрийг төлбөр төлөх хугацаа бүрд (долоо хоног тутам, сар тутам, жил бүр эсвэл өөр хугацаа байж болно) автоматаар тооцох бөгөөд төлбөр төлөх хугацаа эхлэхээс 24 цагаас ихгүй хугацааны өмнө танаас төлбөр тооцож болно.
(a) Туршилтын хугацаа. Та төлбөртэй агуулга захиалах үед захиалгын урамшуулал болгож тухайн захиалгад туршилтын тодорхой хугацаанд үнэ төлбөргүйгээр хандах эрхтэй болох бөгөөд туршилтын хугацаа дууссаны дараагаар захиалгаа цуцлах хүртэл төлбөр төлнө. Та төлбөр төлөхөөс зайлсхийхийн тулд туршилтын хугацаа дуусахаас өмнө цуцлах шаардлагатай. Та туршилтаа цуцалснаар онцгойлон заагаагүйгээс бусад тохиолдолд Агуулга болон аливаа захиалгад хандах эрхээ нэн даруй алдана. Эдгээр туршилтын хугацааны хандалт нь хэрэглэгч бүрд тухайн тогтоосон хугацаанд тодорхой хэдэн туршилт ногдох эсвэл бусад хязгаарлалтын улмаас хязгаарлагдаж болно.
(б) Цуцлалт. Та Тусламжийн төвд тайлбарласны дагуу захиалгыг холбогдох төлбөр төлөх хугацаа дуусахаас өмнө хүссэн үедээ цуцлах боломжтой бөгөөд цуцлалт дараагийн төлбөр төлөх хугацаанд хэрэгжинэ. Жишээлбэл та сар тутмын захиалга авсан тохиолдолд тухайн захиалгыг хүссэн сардаа цуцлах боломжтой бөгөөд захиалгын цуцлалт тухайн төлбөр төлөх хугацааны эцэст хэрэгжинэ. Та Google Play-н Буцаан олголтын Бодлогод тусгайлан зааснаас бусад тохиолдолд (жишээ нь агуулга согогтой байх) одоогийн төлбөрийн хугацаанд буцаан олголт авах боломжгүй.
(в) Хэвлэл захиалагчийн хямдрал. Хэрэв та хэвлэл захиалдаг бол зарим хэвлэлийн Үйлчилгээ үзүүлэгчээс Google Play-н Агуулгыг хямдралтай үнээр захиалах боломжийг олгодог. Та тухайн хэвлэлийн газраас хэвлэлийн захиалгаа цуцалсан эсвэл дууссан хэвлэлийн захиалгаа шинэчлээгүй тохиолдолд таны Google Play дээрх тухайн Агуулгын хямдарсан үнийг автоматаар цуцална.
(г) Үнийн өсөлт. Та захиалга хийхдээ эхний ээлжинд захиалга хийхийн тулд байгуулсан тухайн үеийн гэрээний үнээр төлөх болно. Захиалгын үнэ дараа нь нэмэгдсэн тохиолдолд Google танд мэдэгдэнэ. Танд төлбөр төлөхөөс хамгийн багадаа 30 хоногийн өмнө урьдчилан мэдэгдэх бөгөөд нэмэлт төлбөр дараагийн төлбөр дээр гарна. Хэрэв танд 30 хоногийн дотор урьдчилан мэдэгдээгүй бол нэмэлт төлбөрийг дараагийн төлбөр төлөх хугацааны дараагийн төлбөр дээр нэмнэ. Хэрэв та захиалгын нэмэгдсэн төлбөрийг төлөх хүсэлгүй байвал эдгээр Нөхцөлийн Цуцлалт хэсэгт заасны дагуу захиалгаа цуцлах боломжтой бөгөөд одоогийн төлбөр төлөх хугацаа дуусахаас өмнө бидэнд мэдэгдсэн тохиолдолд тухайн захиалгын төлбөрийг төлөх шаардлагагүй болно. Хэрэв Үйлчилгээ үзүүлэгч захиалгын үнийг нэмж танаас зөвшөөрөл авах шаардлагатай бол Google таныг шинэ үнийг зөвшөөрөөгүй тохиолдолд захиалгыг цуцална. Хэрэв та захиалгаа цуцалж дараа дахин захиалбал тухайн үеийн захиалгын төлбөрийг төлнө.
4. Эрх болон хязгаарлалт
Агуулга ашиглалтын лиценз. Та агуулгын гүйлгээг хийж эсвэл холбогдох төлбөрийг нь төлсний дараагаар эдгээр Нөхцөл болон холбогдох удирдамжид зөвшөөрсний дагуу тухайн Агуулгыг төхөөрөмждөө хадгалах, Агуулгад хандах, Агуулгыг харах, ашиглах болон хуулбарыг нь харуулах бүрэн эрхтэй болох бөгөөд арилжааны шугамаар бус зөвхөн хувийн хэрэглээнд ашиглана. Танд Нөхцөлийн дагуу олгоогүй Google Play болон Агуулгын бүх эрх, гарчиг болон сонирхлыг хуулиар хамгаалсан болно. Таны апп болон тоглоомын ашиглалтыг та болон Үйлчилгээ үзүүлэгч хооронд байгуулсан лицензийн гэрээний эцсийн хэрэглэгчийн нэмэлт нөхцөлөөр зохицуулна.
Лицензийн нөхцөлийн зөрчил. Хэрэв та аливаа Нөхцөлийг зөрчвөл таны тус лицензийн эрхийг нэн даруй хүчингүй болгох бөгөөд Google таны Google Play, Агуулга, Google Бүртгэлийн хандалтыг төлбөрийн буцаан олголтгүйгээр цуцална.
Хязгаарлалт: Дараах зүйлсийг хориглоно. Үүнд:
- (a) эдгээр ашиглалт нь зохиогчийн эрх эсвэл бусад холбогдох эрхийн зөрчилгүй, (б) тусгайлан зөвшөөрсөн бөгөөд тодорхойлсон байдлаар ашиглахаас бусад тохиолдолд Агуулгыг нийтийн гүйцэтгэлийн нэгэн хэсэг болгон харуулах (зарим хэсгийг эсвэл бүхэлд нь) эсвэл төлбөр ногдуулаагүй байсан ч харуулах.
- аливаа Агуулгыг (үүнд тусгайлан зөвшөөрсөн болон зөвхөн тодорхойлсон байдлаар ашиглахаас бусад тохиолдолд Google Play-с татсан Агуулга мөн багтана) гуравдагч талд худалдах, түрээслэх, зээлдэх, дамжуулан түгээх, цацах, шилжүүлэх, мэдээлэх, өөрчлөх, лиценз дамжуулан олгох, дамжуулах, олгох.
- Google Play эсвэл аливаа Агуулгыг ашиглахдаа цацалт таслагч (stream-ripping), цацалт авагч (stream capture) буюу эдгээртэй төстэй програм хангамж ашиглан цацагч форматаар танд харуулж буй дурын Агуулгын хуулбарыг үүсгэх, бичлэг хийх.
- Агуулгыг тусгайлан зөвшөөрсөн болон зөвхөн тодорхойлсон байдлаар ашиглахаас бусад тохиолдолд хуваалцах, зээлдүүлэх, олон хүн ашиглах зориулалтаар эсвэл бусад зорилгоор аливаа үйлчилгээний нэгэн хэсэг болгон ашиглах.
- аливаа Агуулга эсвэл Google Play-д хандах эрхийг хамгаалж, төөрөгдүүлэх зэргээр хязгаарласан аюулгүй байдлын аливаа онцлог, бүрэлдэхүүн хэсгээс зайлсхийх, эсвэл ийм онцлог, бүрэлдэхүүн хэсгийг идэвхгүй болгох, давахыг оролдох, бусдын ийм үйлдэлд туслах, зөвшөөрөх, дэмжих.
- дурын Агуулгын усан тэмдэг, шошго болон бусад хууль эрх зүйн эсвэл хувийн өмчийн мэдэгдлийг устгах эсвэл Google Play-с авсан Агуулгад өөрчлөлт оруулах, үүнд эзэмшигчийн эсвэл Агуулгын эх сурвалжийн таних шинж тэмдгийг гажуудуулах, солих зорилго бүхий өөрчлөлтүүд багтана.
Гуравдагч талын нөхцөл. Эдгээр Нөхцөлд эсрэгээр дурдсан бүх заалтыг үл хөндөн, Google-д өөрийн Агуулгыг ашиглуулж байгаа гуравдагч талуудыг эдгээр Нөхцөлийн дагуу зөвхөн тухайн Агуулгатай шууд холбоотой эдгээр Нөхцөлийн тусгай заалтын хувьд гуравдагч талын ашиг хүртэгч гэж үзэх ("Гуравдагч талын заалт") ба гагцхүү тэрхүү гуравдагч талуудад тэрхүү Агуулгын хүрээнд олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой. Эргэлзээ төрүүлэхгүй байх үүднээс, эдгээр Нөхцөлд эш татан оруулсан, оруулаагүй аливаа заалт, тохиролцоо орох хэдий ч үүгээр хязгаарлагдахгүй Гуравдагч талын заалтад үл хамаарах аливаа заалтын хувьд эдгээр Нөхцөлийн ямар ч заалт гуравдагч талын ашиг хүртэх эрхийг аливаа талд олгохгүй.
Play-н удирдамж. Google Play-д дараах удирдамжийн дагуу шүүмж нийтэлнэ. Хэрэв та аливаа агуулгын урвуулан ашиглалт эсвэл бусад зөрчлийн талаар мэдэгдэх бол энд дарна уу.
Гэмтэлтэй агуулга. Агуулга таны бүртгэлд боломжтой болсон үед та агуулгыг нэн даруй хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь шалгаж ямар нэгэн гэмтэл, согог олдсон тохиолдолд бидэнд эсвэл үйлчилгээ үзүүлэгчид аль болох яаралтай мэдэгдэнэ үү. Дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд Google Play-н буцаан Олголтын Бодлогыг харна уу.
Агуулгын устгал, ашиглах боломжгүй байдал. Таны худалдан авч буй эсвэл суулгаж буй Агуулга нь Нөхцөлд заасны дагуу түрээсийн хугацаагаар худалдан авч буй тохиолдолд таны сонгосон хугацааны турш, бусад тохиолдолд Google-с тухайн Агуулгыг танд хүртээмжтэй байлгах эрхтэй байх хугацаанд Google Play-р дамжуулан хүртээмжтэй байх болно. Зарим тохиолдолд (жишээлбэл Google холбогдох эрхгүй болсон, үйлчилгээ эсвэл Aгуулгыг нийлүүлэхээ зогсоосон, аюулгүй байдлын ноцтой асуудал гарсан эсвэл холбогдох нөхцөл, хуулийг зөрчсөн зэрэг) Google таны төхөөрөмжөөс зарим Агуулгыг устгах эсвэл таны худалдаж авсан Агуулгын хандалтыг зогсоож болзошгүй. Google Digital Inc.-н худалдаалж буй Агуулгын хувьд дээрхийн адил устгах эсвэл зогсоох шаардлагатай үед танд мэдэгдэнэ. Та тухайн Агуулгыг устгах эсвэл зогсоохоос өмнө хуулбарыг нь татах боломжгүй байвал Google танд (a) орлуулах Агуулга байгаа тохиолдолд санал болгох эсвэл (б) Агуулгын бүтэн эсвэл хэсэгчилсэн төлбөрийг буцаан олгоно. Хэрэв Google танд төлбөрийн буцаан олголт олгосон тохиолдолд орлуулах Агуулга санал болгохгүй.
Олон бүртгэл. Хэрэв та хэрэглэгчийн өөр нэртэй олон Google бүртгэлтэй бол зарим тохиолдолд нэг бүртгэлээс нөгөө бүртгэлд агуулга шилжүүлж болно. Энэ тохиолдолд тэдгээр бүртгэл бүрийн эзэмшигч мөн болохоо баталгаажуулж Google эдгээр төрлийн шилжүүлгийг хийх боломжтой холбоотой үйлчилгээний онцлогийг идэвхжүүлсэн байх шаардлагатай.
Төхөөрөмжийн хандалтын хязгаарлалт. Google таны Агуулгад хандахад ашигладаг төхөөрөмжийн тоо эсвэл програм хангамжийн аппыг зарим үед хязгаарлаж болно. Эдгээр Google Play Кино, ТВ/Google TV-н хязгаарлалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол Google Play Кино, ТВ/Google TV-н ашиглалтын дүрэм хэсэгт зочилно уу.
Аюултай үйл ажиллагаа. Үйлчилгээ, Агуулгын алийг нь ч цөмийн байгууламж, амьдрал дэмжих систем, яаралтай тусламжийн харилцаа холбоо, нислэгийн удирдлага эсвэл харилцаа холбооны систем, агаарын хөдөлгөөний хяналтын системд ашиглахыг хориглоно. Түүнчлэн Үйлчилгээ, Агуулга доголдоход хүний амь нас хохирох, хүний биед гэмтэл учрах, эсвэл биет зүйл болон байгаль орчинд ноцтой хохирол учирч болзошгүй эрсдэлтэй бусад үйл ажиллагаанд ашиглахыг хориглоно.
Google Play Кино, ТВ/Google TV. Та Google Play Кино, TВ/Google TV-д хандах болон ашиглахтай холбоотой нэмэлт мэдээлэл, хязгаарлалт авахын тулд Google Play Кино, ТВ/Google TV-н ашиглалтын дүрмийг харна уу.